Саяхан Science сэтгүүлийн 2009 оны 7-р сарын 10ны дугаарыг уншиж байгаад яст мэлхийтэй холбоотой нэгэн сонирхолтой нийтлэлийг олж уншсанаа та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Энэхүү нийтлэлийг Японы Kobe University-ийн Хироши Нагашима тэргүүтэй судлаачид хэвлүүлжээ.

Миний бие хэдий сээр нуруутан судалдаг ч гэсэн яст мэлхий миний судлагдахуун биш ба цаашид гаргасан байж магадгүй хэллэгийн алдааг ойлгоно байх гэж бодож байна.

Энэхүү судлагааны үр дүнгийн талаар бичхийн өмнө яст мэлхийний анатомийн товчхон дурьдсан нь дээр болов уу гэж бодож байна.

Яст мэлхийг тодорхойлогч шинжүүдийг дурьдвал:
- нуруу болон хэвлийгээ бүрхсэн ястай /зарим мэлхийнийх ясжаагүй ч байдаг/
- удаан хөдөлгөөнтэй
- шүдгүй
зэрэг нүдээр ажиглагддаг шинжүүдийг бид нэрлэж болно.
Гэхдээ яст мэлхийний дотоод анатомийг хэр олон хүмүүс мэдэх бол ?!

Та яст мэлхийний сээр нурууны яс болон хавиргууд нь гадарга хуягтай нийлж хөгжсөн байдгийг мэдэх үү. Эрдэмтэд энэхүү нурууных нь хуягны гарлын талаар одоо хүртэл маргадаг аж. Эрдэмтэдийн нэг хэсэг нь нурууны хуяг нь dermal bone буюу арьснаас гаралтай яс гэж үздэг, нөгөө хэсэг нь хавиргууд нь хөндлөн өргөсөж яваандаа хоорондоо нийлж нурууны хуягийг үүсгэсэн гэж үздэг.

Tэгвэл дал нь яасан бэ ???

Дал нь онцгой яс ба анатомийн хувьд энэхүү яс нь зөвхөн холбогч булчингуудын тусламжтайгаар хавирганы гадна талд байрладаг, ямар нэг ястай шууд холбогддоггүй. Гэтэл яст мэлхийний дал нь хавирганыхаа дотор талд нь байрладаг ажээ.

Энэхүү судалгаанд тус эрдэмтэд хятадын зөөлөн хуягт яст мэлхий, тахиа болон хулганы үр хөвөрлүүдийг харьцуулан судалж дал болон түүнтэй холбоотой чухал булчингуудын байршлыг ажигласан байна.

Энэхүү судалгааны үр дүнгээр яст мэлхийний дал нь шууд хавирга дотроо хөгжиж эхэлдэггүй ажээ. Үр хөвөрлийн эхний шатанд тахиа, хулгана болон яст мэлхийний хавирга дал бүгд ижил үүсдэг ба хэд хэдэн хөгжлийн шатны дараа яст мэлхийний дал урагшаа бага зэрэг шилжиж хавирганы урд хэсэгт байрладаг юм байна.

товчлол: sc – дал, r – хавирга

Дараагийн шатанд тэрхүү байрлалаа дахин өөрчилж хавирганы дотуур орж /тойрч/ дотор байрлалдаа ордог ажээ. Энэхүү хачин өөрчлөлттэй холбоотойгоор далны булчингуудын хэлбэр болон байрлал /зарим нь мушгирсан байдаг/ өөрчлөггдөг юм байна.
Энэхүү онцгой хөгжил нь (нурууны хуяг, нурууны яс болон булчингийн өөрчлөлтүүд) яст мэлхийний бүтэцэд цоо шинэ морфологи /heterotopy/ үүсгэж байна гэж тус өгүүлэлд дурьджээ.

Эх сурвалж:
Nagashima H., et al. “Evolution of the turtle body plan by the folding and creation of new muscle connections.” Science. 325.5937 (2009): 193-196.

B.