Сайн уу Лхагваа,
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Би их туршлагатай загасчин биш ч гэхдээ зарим нэг зүйлсийг тайлбарлахыг хичээе.
Яг ийм тийм ялаа л Монголд тохирно гэсэн юм байхгүй ээ. Хамгийн гол зүйл бол загасчлахаар очиж байгаа голынхоо шавьжны бүрдэл болон жижиг загаснуудийг сайн ажиглах хэрэгтэй болов уу. Учир нь түүгээр чинь л ленок, тул бусад загаснууд чинь хооллож байгаа.
Хэрэв чи хуурай ялаагаар загасчлах гол байгаа бол:
1) Загасчлах үед чинь загас усны гадаргаас хооллож байгаа эсэхийг сайн ажиглах;
2) Усан дээр хөвж байгаа шавьжнуудийн гаднах байдал /хэрэв нэрийг мэддэг бол бүр сайн/, далавчны байдал, антен, хэмжээ, өнгө, мөчний байрлал, урт зэрэг зүйлсийг сайн ажиглах хэрэгтэй;
Дээрх зүйлсийг бүгдийг нь ажиглаад тухай цаг мөч дэх шавьжны мэдээллийг хангалттай гэж үзвэл тухайн нөцөлд нь таарах шавьжны дуураймлаа сонгох л үлдэнэ дээ.
Хэрэв чи subsurface буюу усан дотор, гүйцэт хөгжөөгүй авгалдай зэргийн дуураймлаар /nymph/ загасчлах гэж байгаа бол гол дээрээ очоод чулуу сөхөөд үзээрэй. Тэгээд чулууны ёроолд наалдсан шавьжнуудийг дээрхтэй ижил байдлаар ажиглаад усан доор загасчлах nymph-ээ сонгоно.
Хэрэв streamer буюу жижиг жараахай болон усны томоохон хануур хорхой зэргээр загасчлах бол мэдээж тухайн голдоо байгаа жижиг загаснуудийг сайн ажиглах хэрэгтэй, хамгийн гол нь өнгө болон хэмжээ.
Нэг зүйлийг чухалчлаад хэлэхэд загасны хооллолтын бараг 80-90% нь усан доор явагддаг, хэдийгээр хуурай ялаагаар загасчлах хэдий сайхан ч ингэж барих нь харьцангуй хэцүү бөгөөд баригдах магадлал багатай юм шиг надад санагддаг юм.
Бас нэг зүйлийг хэлэхэд чи streamer-р загасчилж байгаа үед чамд том загас баригдах магадлал жижиг nymph ашигласнаас хамаагүй өндөр байдаг. Энэхүү онол ч гэх юмуу зүйлийг би өөрийнхөө туршлагаас нилээн харж байсан. Хоёр хүн зэрэгцэж зогосоод нэг нь nymph нөгөө нь streamer ашиглахад streamer хэрэглэж байгаа нь хэмжээний хувьд хамаагүй томыг бариад байдаг талтай.
Энэ бүгдээс харахад Монголд бол яг ийм тийм ялаа тохирно, Хойд Америкт бол ийм тохирдог гэж хэлэхэд хэцүү байгааг ойлгож байгаа байх аа.
Гэхдээ зарим нэг шавьжнуудын ерөнхий pattern болон нэрсийн талаар дараагийн нийтлэлд нийтлэхийг хичээе.
Хүндэтгэсэн,
Бадмаа